Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ
2011-05-02,10:30
Манай гаригийн хамгийн өндөр хүрхрээ болох Анхель(Чурум Меру) хүрхрээ нэрээ өөрчилсөн тухай өмнө бид хүргэж байсан билээ. Харин одоо энэхүү нэрээ өөрчилсөн дэлхийн хамгийн өндөр хүрхрээний тухай сонирхолтой баримтыг хүргэе.
Манай гаригийн хамгийн өндөр Чурум Меру-ийн хүрхрээг үзэхийн тулд "орхигдсон ертөнц" рүү аялах хэрэгтэй болно.
Алдарт Конан Дойлийн Нэгэн романы нэртэй энэхүү өвөрмөц хүрхрээ байдаг Венесуэлийн зүүн өмнөд хэсэгт очих хэрэгтэй.
Хамгийн сонирхолтой нь гэвэл зохиолчийн дүрслэн бичсэн, өтгөн шигүү ширэнгэ ойн дундах, бусад улс орнуудаас таслагдсан, цаг хугацааны хамааралгүй, огтхон ч үзэгдэж харагдаагүй амьтан, ургамал бүхий тэр газар үнэн байдлаас нэг их зөрөөгүй байгаа юм.
Энд, Гвианийн уулсын хязгаарт тэрээр өөр хаана ч байдаггүй, аварга том уулс байдгийг тепуй гэдэг.
Эдгээр нь яг уулс ч биш, заримдаа мянгаад хавтгай дөрвөлжин км талбай бүхий, эрэвгэр сэрэвгэр орой бүхий эгц огцом энгэр хажуутай улаан элсэн хөрстэй өндөрлөг тавцан билээ.
Далайн түвшнээс дээш бараг гурван км өндөр өргөгдсөн тэдгээр тепуй нарын нэгийг Рорайма уул гэдэг бөгөөд английн нэгэн зохиолчийн бүтээлд "Мепл-Уайтын орон" болон дүрслэгдсэн байдаг.
XIX зууны хоёрдугаар хагаст энд германы эрдэмтэн Шомбург гэгч очсон нь тэнд очсон анхны европ хүн ажээ. Тэрээр очоод үзсэн бүхэндээ гайхшран алмайрч "Улаан болон хар өнгийн устай голууд урссан, хэдэн км өндөр хадан цохиод сүндэрлэж тэднээс буусан их усан хүрхрээнүүд бүхий үнэхээрийн хачин ертөнцөд очлоо" хэмээн бичсэн байдаг.
Түүнээс жаахан сүүлд английн ургамал зүйч Бейтс тэнд очоод шинжлэх ухаанд урьд өмнө нь мэдэгдээгүй баахан ургамал авчирч байжээ. Түүнээс хойш олон жилийн турш тепуй эрдэмтийн анхааралд өртөлгүй байжээ.
Туулж гарахын аргагүй өтгөн шигүү ширэнгэ шугуй тэднийг хүмүүсийн нүднээс нуусаар байсны зэрэгцээ олон тооны боргио, хүрхрээнүүд нь хүмүүс тийшээ очиход саад болдог байлаа.
Түүнээс бараг нэг зуун жилийн дараа буюу 1935 ондэрэлхэг нисгэгч Энджел алмааз эрж яваад нисэх чиглэлээсээ хазайж Ауян-Тепуй уулын бэлээр нисэж яваад уулын бараг оргилоос шахам нэг км орчим өндрөөс хөөс цацруулан буусан цагаан голыг харж сэтгэл нь хөдөлжээ.
Энджелд гурван давхар аз тохиожээ.
Эхлээд тэрээр алмааз эрдэнэ хайж яваад чиглэлээсээ хазайж Ауян-Тепуй орчимд хүрсэн бол цаг агаар тогтуун, цэлмэг сайхан байсан болохоор хожим нь өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн хүрхрээг олж харсан /Испани бичлэгээр Анхель боллог/ явдал нь түүнд тохиосон хоёр дахь азтай явдал болсон юм.
Тепуйн оргилууд ихэвчлэн өтгөн үүл мананд хучигдсан байдаг байжээ. Харин гурав дахь азтай явдал гэвэл тэрээр осол эндэгдэлгүйгээр Ауян-Тепуйн зулай дээр бууж эсэн мэнд үлдсэн явдал ажээ.
Нисгэгч бараг км шахам өндрөөс бууж, матар, могойнуудаар дүү-рэн ширэнгэ шугуйн дундуур явсаар хүн ам бүхий суурин газар эсэн мэнд хүрсэн нь ёстой гайхамшиг байжээ.
Түүнээс хойш ихээхэн сайн бэлтгэгдэж хангагдсан судалгааны багийнхан урьд өмнө үзэгдэж харагдаагүй байгалийн тэрхүү өвөрмөц газарт хүрэх гэж яваад олон хоног болсон нь тэр газар хичнээн бартаатай, хүрч очиход ямар их бэрхшээлтэй болохыг аяндаа хэлээд өгч байгаа юм.
Гэвч Ауян-Тепуйд хүрээд үзэж харсан бүхэн нь тэдний туулсан бэрх хэцүү замын төлөө хүртээж байгаа шагнал болжээ.
Нэг км шахам өндрөөс хөөс татуулан буух аварга хүрхрээ тасралтгүй хүрхрэн шуугисан их усан сан болж доошоо хөндий рүү оджээ. Замынхаа гуравны хоёр хэсгийг ч туулаагүй байхдаа хүрхрээ гэнэт хайлсан мэт манан болон хувирч жижигхэн усан дуслууд болон сарнисан байдаг.
Харин түүнээс бүр доошилвол юунаас ч үүсэж бий болоогүй мэт хөөсрөн бургилсан гол болдог...
Судалгааны багийн геодезчид хүрхрээний өндрийг нарийн сайн хэмжжээ.
Тэр үндсэндээ хоёр үндсэн хэсгээс тогтдог. Дээд хэсэг нь 800 м урттай бол дараагийн хоёр дахь хэсэг нь 170 гаруй метр ажээ.
Нийтдээ хүрхрээний өндөр 979 метр болж байсан бол хожим нь дахин хэмжээд 1054 м гэсэн нь газрын зураг дээр тэмдэглэгдэн үлдсэн байна.
Гэтэл тэрхүү тавцангийн өндөр нь далайн түвшнээс дээш 2950 метр байдаг. Зөвхөн 1956 онд л Ауян-Тепуйн орой дээр гарч чадсан байна.
Нэгдүгээрт, уул ихээхэн өвөрмөц чийг үүсгэгч болдог ажээ. Энд жилдээ 7500 мм хур тунадас унадаг нь бэл орчмынхоосоо тав дахин илүү байгаа ажээ. Түүнээс гадна энэ бол аянга цахилгааны маш их идэвхтэй бүс байлаа.
Зуны цагт бараг өдөр болгон аянга буудаг болохоор аянганд ниргүүлээгүй үлдсэн ганц ч мод байдаггүй. Тийм болохоор нутгийн индианчууд түүнийг үхлийн орон гэж нэрлэдэг байсан ба Ауян-Тепуй гэдэг нь тэдний хэлээр "Чөтгөрийн уул" гэсэн утгатай ажээ.
Харин Рорайма уулын оргилд эрдэмтэд 20 жилийн дараа гарч чадсан юм. Хамгийн сүүлчийн 400 м урттай, эгц өндөр хэсгийг туулах гэж Жомолунгма оргилыг эрхшээлдээ оруулсан туршлагатай уулч Дон Уиллансаар удирдуулсан шинжилгээний багийнхан бараг сар болжээ.
Уиллансын ярьснаар бол тэрхүү тавцан нь этгээд сонин хэлбэр дүрстэй цул хадан хана байжээ.
Орой дээрх тэгшхэн хэсгийн энд тэнд мөөг шиг дүрстэй сонин ургаа хаднууд байх ба тэдний хоорондуур усаар дүүрсэн дугуй хонхорууд байсан гэдэг. Энэхүү тэгш өндөрлөгийн хамгийн өндөр цэг нь /2810 м/ гүнзгий ангалуудаар бусад хэсгүүдээсээ тусгаарлагдсан байгаа болөхоор түүнд хүрэхийн тулд уулчдад нэмэлт төхөөрөмж шаардагдсан байна.
Рорайма уулын орчмын амьтны аймаг нь Конан Дойлынхаас эсрэгээр харин ч их хомсхон ажээ. Энд птеродактилүүд, эртний гүрвэлүүдийн аль нь ч байсангүй зөвхөн опоссумууд, жижигхэн гүрвэлүүд болон зөвхөн Африкт л байдаг гэж үздэг хар бах мэлхийнүүд байжээ.
Харин ургамлын аймаг нь ихээхэн баялаг, төрөл зүйл олон ажээ. Судалгааны багийнхан ихээхэн ховор ургамлууд эндээс олныг олж илрүүлсэн байна.
Сарисаньяма хэмээх бас нэгэн тепуй /уул/ Рорайма болон Ауян-Тепуйгаас өмнө зүгт Бразилийн хилийн ойролцоо байдаг.
1966 онд түүний дээгүүр нисэж явсан онгоцноос уулын оройд хоёр том тогоо байгааг олж харжээ. Геологийн үүднээс авч үзвэл тийм эртний уулсын дунд галт уулс байх боломжгүй байсан болохоор нисэгчдийн мэдээлэл геологчдын сонирхлыг их татжээ.
Гэвч дөнгөж 1974 онд л хэсэг судлаачдыг нисдэг тэрэгнээс уулын оройд буулгаж чадсан гэдэг. Гэтэл галт уулын тогоо гэж бодоод байсан хонхорууд нь тогоо биш Карстын үйл явцын нөлөегөөр үүссэн болохыг олж тогтоосон байна.
Тэдгээрийн том нь 375 м гүнтэй, 400 метрийн голчтой байжээ.
Бараг эгц шахуу огцсм ханаар нь уруудсаар геологчид аварга том худгийн ёроолд хүрсэн байна. Нарны гэрэл өдөртөө ердөө гуравхан цаг тусдаг ч гэсэн тэнд маш их өвс ургамал ургасан байжээ. Гэхдээ тэндхийн ургамлын 80 % нь шинжлэх ухаанд мэдэгдээгүй ургамлууд байсан байна.
Тэдний дотор шавьжнуудаар хооллодог цэцэгт ургамлын хэд хэдэн зүйл байсан ажээ. Тогооны ёроолд ургасан тагнай өвснүүдийн дотор бүр мезозойн эриний үед буюу одоогоос 140-180 сая жилийн тэртээ манай гариг дээр ургаж байсан зүйлүүд олон байв.
Гэвч ёроолд байгаа амьтан гэвэл Рорайма уулынх шиг хомсхон байжээ.
Авирч хүрэхэд бэрх хэцүү ч гэсэн энэхүү уул нь биологчдын хувьд ихээхэн сонирхолтой судалгааны обьект байсан тул сүүлийн жилүүдэд судалгаа шинжилгээний багууд Венесуэлийн манант өндөрлөгийг эрхшээлдээ оруулахаар зүтгэх нь улам нэмэгджээ.
Судлаачид шинэ шинэ нээлтүүдийг удаа дараалан хийсээр байгаа билээ. Сарисанья уулаас холгүйхэн, бас л Бразилийн хилийн ойролцоо орших бас нэгэн тепуй ээлжит бэлгээ барьжээ.
Энэ бол тэгшхэн оройтой, хавийнхаа уулсын дундаас онцгойрон харагддаг аварга том уул бөгөөд түүнийг агаарын гэрэл зураг авалтын аргаар олж илрүүлсэн байна. Өндөр нь 3100 метр гаруй ажээ.
Түүнийг Сьерра-Неблина буюу "Манант уул" гэж нэрлэдэг.
Үүл мананд хучигдсан, өтгөн шигүү ширэнгэ бүхий энэ уулын оргилд анх гарснаас хойш хорь гаруй жил өнгөрөөд байгаа юм.
1984 оны тавдугаар сард, ихээхэн удаан хугацаагаар үргэлжилсэн авиралтын эцэст Венесуэлийн спорт-шинжилгээний ангийнхан түүний оройд гарч чадсан билээ.
Ойрхноос харвал түүний орой нь тийм ч тэгшхэн биш ажээ. Төв хэсэгт нь галт уулын тогоотой төстэй гүнзгий тогоо байдаг нь 650 хавтгай дөрвөлжин км талбайтай байжээ.
Эрдэмтэд тэндээс жинхэнэ "орхигдсон ертөнцийг" олжээ. Сьерра-Неблина уулаас олдсон, шинжлэх ухаанд танигдаж мэдэгдээгүй амьтан ургамлуудыг авч буцахын тулд дахиад нэг судалгааны хэсэг шаардагдсан байна.
Харин тэдгээрийг судалж шинжлэх ажилд ихээхэн олон жил зарцуулагдах бололтой.
Жишээлбэл уулын орой дээрх нэгэн голоос шүүр шиг толгойтой загас барьжээ.
Амьтан судлалд мэдэгдээгүй мэлхийнүүд олсны нэг нь нохойн толгой шиг хоншоортой, нөгөөх нь таваг шиг уруултай олдсон ба тэд зулзагаа тахиа шиг дардаг байжээ.
Усны мандал дээгүүр нь аварга том, алт шиг гялалзсан нудтэй, 30 см урт дэлгэсэн далавчтай тэмээлзгэнэ нисдэг байв.
Түүн шиг тэмээлзгэнэ чулуун нүүрсний үед буюу үлэг гүрвэлүүдээс 300 сая жилийн өмнө манай гариг дээр амьдарч байсан гэнэ.
Эдгээрээс гадна хүн болон томоохон амьтдад хүртэл халтай аварга том биетэй, ихээхэн түрэмгий шоргоолж илрүүлсэн ажээ. Тэд хүчирхэг эрүүгээрээ модны мөчрийг хүртэл амархан тас хаздаг байв. Жирийн аалзнаас тав дахин том тарантул хэмээх аалзнууд болон бусад цус сорогч шавьжнууд нь химийн ямар ч хортой бодисуудад хорддоггүй байжээ.
Мөн сарьсан багваахай болон шувууд, могойнуудын шинэ төрөл зүйлүүд олныг олж илрүүлсэн байна.
Тэр уулын ургамлын аймаг нь ургамал судлаачдыг ёстой гайхшруулжээ. Тэдний түүж цуглуулсан ургамлуудын 98% нь урьд нь судлагдаж мэдэгдээгүй байжээ.
Тагнай өвс л гэхэд 200 гаруй шинэ зүйл олджээ. Ягель хэмээх умардын бугны хагаар бүрхэгдсэн цоорхойд гоолиг өндөр дал модод ургасан байх ба тэдний хажуугаар Өмнөд Америкт байдаггүй цэвэр халуун орны ургамлууд ургасан байлаа. Хадны ан цавуудаас хэдэн мегрийн өндөртэй модтой төстэй хүрэн голтой ургамал ургасан байв.
Эдгээр "моддын" оройнууд нь артишок хэмээх нийлмэл цэцэгтний дэлгэгдсэн оройг санагдуулах ба хүнтэй чацуу өндөртэй, усаар дүүрсэн хонхорхой навчис бүхий хан боргоцойн модод хаа сайгүй ургасан байдгаас нь жижиг амьтад ундаалдаг ажээ.
Самар гэвэл газраар хивс шиг л зулан ургасан байжээ. Хамгийн трм цэцгүүд нь хагас метр өндөртэй гүц шиг харагдах ба дотор нь жижиг шавьжнууд, мэрэгчид орж гацаад түүний ялгаруулдаг идэмхий шүүсэнд түлэгдэн боловсруулагддаг байна.
Гэвч энд байдаг махчингууд нь зөвхөн аварга том самрууд бишээ.
Маш олон төрлийн ургамлууд гол горхинууд болон хуурай газар дээр харуулдан жижиг амьтдыг барьж боож алдаг ажээ.
Эндхийн олон тепуйнуудад иймэрхүү махчин ургамлууд олон байдаг нь халуун орны бороо их орж энэхүү өндөрлөгийн хөрсийг угааж ургамлуудад хэрэгцээтэй азот, фосфор мэтийн тэжээлийн бодисуудыг хомсдуулдагтай холбоотой хэмээн эрдэмтэд тайлбарладаг.
Тийм болоод л ногоон хаант улсын оршин суугчид хэрэгцээ шаардлагаа өөр аргаар хангах болжээ.
Венесуэлийн ширэнгэ ойн хаягдсан ертөнц, учир битүүлэг тепуй уулсыг судлан шинжлэх ажил үргэлжилсээр байгаа болохоор бусад ертөнцөөс хэдэн зуун сая жилээр тусгаарлагдсан энэхүу өвөрмөц ертөнц дахиад шинэ сонин зүйлүүдээр бэлэг барьсаар байх бизээ.
Ингэхэд энэхүү нууцлаг хязгаар нутгийн сувд болсон Чурум Меру-ийн хүрхрээ дэлхийн хамгийн өндөр гэсэн алдраасаа хагацах болоод байна. Венесуэлийн өмнөд хэсгийг судалж явсан Италийн аялагч Гарбари Марауака ууланд Анхелийнхээс хамаагүй өндөр хүрхрээ харсан гэж мэдэгджээ.
Үнэндээ бол тэр хүрхрээний өндрийг Гарбари хэмжиж үзээгүй боловч судалгаа шинжилгээний өөр нэг баг очиж хэмжээд энэхүү хоёр хүрхрээний алинд нь хамгийн өндөр гэсэн алдрын титмийг оноохоо шийднэ бизээ.
Анхелийн хүрхрээ одоохондоо хамгийн өндөр гэсэн нэр алдраа хэвээр хадгалан хүрч очиход бэрх хэцүү түвэг ихтэй ч гэсэн эрдэмтэд хийгээд олон тооны аялагч, жуулчдыг өөртөө татсаар байх болно.
Байгалийн гайхамшиг болсон, Останикинын телевизийн цамхагаас хоёр дахин өндрөөс хөөс цацруулан буудаг хүрхрээг нүдээр үзэх гэсэн хүмүүс хийлдэг каноэ завь болон нисдэг тэрэг хөлөглөн Ауян-Тепуй уулын бэлийг зорьсоор байна.