Экологийн шинжлэх ухааны тухай
Экологийн шинжлэх ухааны тухай
“Экологи” гэж амьд организм түүний систем, орчинтойгоо хэрхэн зохицож, харилцан нөлөөлж байгааг судлан, амьд биет, орчны нөхцлийг үр ашигтай зохицуулах, өөрчлөх арга замыг тодорхойлох шинжлэх ухааныг нэрлэнэ.
Экологи- гэдэг үг нь гэр орон, түүнд амьдрагч хүний тухай (<< эйкос >> гэр орон, << логос >> сургаал гэсэн грек үгнээс гаралтай гэсэн утгатай. Хэдийгээр “экологи” гэдэг үгийг харьцангуй саявтараас эхлэн хэрэглэсэн боловч байгаль орчныг хамгаалах шинжлэх ухааныг хөгжүүлэхэд эртний Грекийн эрдэмтэн Аристотель, Гиппократ, Эпикур нар зохих хувь нэмэр оруулсан гэж үздэг. Эпикурийн постулат буюу нотлолгүй үнэнд “Байгалийг албадаж болохгүй, түүнийг шүтэн дагаж, ердийнхөөр түүнд хор хөнөөл учруулахгүй бол хүсэл зоригийг нь биелүүлж, хор хөнөөлийг дор бүр арилгаж байх “ гэж бичсэн нь одоо ч ач холбогдолоо алдаагүй байна.
ХХ-р зууны эхээр экологич гэсэн мэргэжлийн чиглэл буй болж их төлөв амьтан ургамлын амьдрах орчин, өсөлт бууралтыг судалж байв. 1926 онд Оросын алдарт эрдэмтэн В.Вернадскийн “Биосфера” гэдэг ном гарсан нь экологийн шинжлэх ухааны хөгжилтөд чухал хувь нэмэр оруулжээ.
Экологийн шинжлэх ухааны хөгжлийг гурван үе шат болгон үздэг.
Нэгдүгээр үе шатанд (1945 он хүртэл) үндсэн ойлголт бий болох.
Хоёрдугаар үе шатанд (1945-1955 онуудад ) хүрээлэн буй орчинд хаягдах элдэв бодис хүний биед хэрхэн нөлөөлж буйг судлан тогтоож, тодорхой хэм хэмжээг тогтоон, байгалийн өөрөө нөхөн сэргэх хурд, байгалийн нөөц ашиглах хурд хоёр зөрүүтэй болж байгааг олж тогтоон үйлдвэржилтээс байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлийг мэдэрч эхэлсэн байна.
Экологийн шинжлэх ухааны 3-дахь үе шат буюу орчин үеийн хөгжлийн эхлэлийг Д.Одум, С.Шварц нарын бүтээлтэй холбон үздэг. С.Шварцынхаар Экологийн шинжлэх ухааны орчин үеийн 40 гаруй салбартай холбоотой байна. Экологийн шинжлэх ухааны зүй тогтол буюу хуулийг Б.Коммонер (АНУ) томёолсон байдаг.
1-р хууль: Бүх зүйл хоорондоо холбоотой. Тайлбарлавал: Байгаль дээр бүгд харилцан уялдаа холбоотой. Түүний бүх хэсэг хосгүй төгс учир холбогдолтой.
2-р хууль: Аль нэгэн бий болсон зүйл нэг тийш орчинд шингэх ёстой. Тайлбарлавал: Үйлдвэрээс гарч байгаа бохирдуулагч бодис агаар, ус, хөрсөнд шингэнэ. Аль ч хаягдал нэг тийшээ хаягдаж орчинд шингэнэ.
3-р хууль: Байгаль өөрөө мэднэ. Тайлбарлавал: Байгальтай зохицож, байгалиас суралцаж харин байгалийг эрхшээлдээ оруулах гэж оролдсоны хэрэггүй. Байгаль өөрөө зохицуулах чадвартай.
4-р хууль: Юу ч зүгээр олдохгүй. Тайлбарлавал: Байгалийн бүх нөөц төлбөртэй. Бүгд өөрийн гэсэн үнэ цэнэтэй. М.Монтель “Байгаль дээр үр ашиггүй зүйлс байхгүй” гэж бичсэн нь дээрхийг батална.
Байгалийн зүй тогтолыг зөв танин мэдэх нь орчныг хамгаалах үндэс болно. Хангайд ой модыг огтолж сүйтгэснээр гол мөрний ус ширгэж байгаа, уул уурхайн олборлох үйлдвэрт усыг бохирдуулсанаар усанд амьдарч байгаа загас амьтан үгүй болж ширгэх, говьд заг модыг хэт огтолж элсний нүүдлийг хязгаарлаж чадахаа больсон, бэлчээрийн даац хэтрүүлснээр цөлжих, үнэг хярсыг устгаснаар үлийн цагаан оготно хэт ихсэх зэрэг гамшиг манай орны хувьд ч тохиолдсоор байна.
Дэлхийг тойрсон давхаргыг биосфера буюу био хүрээ гэж нэрлэдэг. В.И.Вернадский:
· Биоорчны зах хязгаарыг тэмдэглэн тогтоосон,
· Амьд бие махбодийн хөгжил, амьд биетийн геологийн хүчин зүйлс, хоол тэжээл бий болох, түүний амьдрах нөхцөлд гүйцэтгэх үүргийг тодорхойлсон байна.
Биоорчин нь 38-46 км үргэлжлэх бөгөөд түүний 25-30 км нь агаар, 10-11 км- усан бүрхэвч, 3-5 км нь литобүрхэвч (амьгүй) болно. Литобүрхэвчийн хэмжээ дэлхийн хэвлийд 1000С-ийн изотермоор хязгаарлагддаг
В.И.Вернадскийн гаргасан тодорхойлолтоор амьд бодис гэдэг нь хүндийн хэмжээ, эрчим хүч, химийн бүтцээр нь тодорхойлогдсон бүх амьд бие махбодийг хэлнэ. Энэхүү амьд бодис биоорчинд хүндийн жингээрээ 0.01%- ийг эзэлнэ. Амьд бус махбодийг В.И.Вернадский косный буюу царцанга гэж нэрлэжээ. Амьд биемахбодийн биологи, геологи, химийн идэвхт байдал нь түүнд явагдах процесс, урвалын хурдаар тодорхойлогдоно. Жишээ нь зарим бактер жирийн температур даралтад агаарын азотыг (N) шивтэр (NH4) болгодог байхад үйлдвэрийн нөхцөлд NH4-ыг N ба H-ээс катализаторын оролцоотой 300кг/см2 даралтад, 450-5500C-д гарган авч болдог жишээтэй.
Амьд бодисын онцлог нь:
- Амьдрал өргөн хүрээтэй- түргэн хугацаанд чөлөөт орон зайг түргэн эзлэх чадвартай.
- Амьд биемахбод үргэлжийн идэвхтэй хөдөлгөөнтэй.
- Амьдрах үедээ тогтвортой, үхсэн хойноо түргэн задарч үгүй болдог.
- Орчиндоо амархан дасан зохицдог зэрэг нийтлэг шинжээр тодорхойлогдоно.
В.И.Вернадский амьд бодисын эрчим хүч, агааржуулагч болон хуримтлуулагч чанарыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
а) Эрчим хүчний шинж нь нөөц эрчим хүчийг бий болгох байдлаар илэрнэ. Голландын эрдэмтэн Я.Б. Ван-Гельмонт модны мөчрийг тодорхой хэмжээний хөрсөнд тарьж 5 жил ургуулж дараа нь хөрсийг жигнэж үзэхэд хөрсний жин өөрчлөгдөөгүй байхад ургамал 164 фунт болсон байв. Үүнээс ургамал ургахад ус л хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Дараа нь өөр эрдэмтдийн судалгаагаар ургамал ургахад уснаас гадна нүүрс хүчлийн хий, гэрэл хэрэгцээтэй гэдгийг нотолсон байна.
б)Амьд бодис нь хийн буюу агаарын найрлагыг тоо болон чанарын талаар харьцангуй тогтмол байлгах чадвартай. Английн эрдэмтэн Дж.Пристли лааны утаанд бохирлогдсон агаарыг цэвэрлэх аргыг хайжээ. Битүү хавхаг дотор хулгана байрлуулан лаа асаахад хулгана дотроо үхэж байв. Харин битүү хавхаг доор батраш (гаа) гэгч ургамал тавиад дэргэд нь лаа асааж хулгана байрлуулахад лаа ч асаад хулгана ч удаан хугацаагаар амьд байв.
Энэ туршилтаар ургамал амьд биетийг дэмжигч хүчилтөрөгч ялгаруулдаг гэдгийг баталжээ.
с) Хуримтлуулагч чанар нь амьтан ургамал орчинд байгаа бодисын тархсан нэгж хэмжээнээс хамаагүй ихийг биедээ хуримтлуулан байдагт оршино.
В.И.Вернадский адил хөрсөнд ургаж байсан дуб болон чавганы модны үнсийг судлан дубны үнсэнд байгаа СаО-ийн хэмжээ хар чавганы модны үндсэнд байгаагаас 2 дахин илүү байжээ. Үүнээс үндэслэн амьд организм өөрт шаардагдах бодисыг хуримтлуулах чадвартай гэсэн дүгнэлт гаргасан байна.
Биоорчны үндсэн шинж гэвэл:
· Шинээр цаг үргэлж органик бодис үүсч байдаг. Автотроф гэж нэрлэгдсэн ногоон ургамал нь фотосинтезийн урвалаар органик бодис бий болгодог. СО2 ба H2O –оос нарны энергийн тусламжтайгаар органик бодис бий болохыг фотосинтез гэж нэрэлдэг билээ. Гетеротроф-гэж ногоон ургамал, органик хоолтыг нэрлэнэ.
· Биоорчин элементүүдийн байнгын эргэлтэнд ямарч элемент дуусашгүй болох механизм байдаг зэрэг болно.
Экологийн ШУ-нд өргөн хэрэглэгддэг нэр томьёо ойлголтуудыг товч дурдвал.
Биосфера буюу биохүрээ- дэлхийг тойрсон бүрхэвч давхарга, түүнд хамаарагдах бие организм, амьдрах орчин, эдгээрийн амьжиргааны үйл явцад бий болсон бүтээгдэхүүн зэргийг нэрлэнэ.
Биогеоценоз- Газрын гадарга дээр тархсан байгалийн нэг хэв шинжийн хэсэг ( агаар, уулын чулуулаг, хөрс, ус, ургамал, амьтны аймаг, микроорганизм.г.м), тэдгээрийн хоорондох онцлог уялдаа харилцан үйлчлэл, бодисын болон эрчим хүчний солилцоо зэргийг нэрлэнэ.
Экосистема. Ургамлын аймгийн (продуцент), амьтны аймаг (консумент), микро организм (редуцент) зэргийн хоорондох уялдаа, харилцан үйлчлэл, орчинтойгоо удаан хугацаанд зохицон байх чадвар. Экосистем бүрд амьд организм(биота), байгалийн амьд бус хүчин зүйлс (абиотич) гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэг бий.
Био экологи- микро организм буюу жижиг биет, амьтны аймгийн амьдрах хэв шинж, харилцан уялдаа
Хүний-экологи- Хүний амьдрах орчин, түүхэн хөгжил үйлдвэр, хөдөө аж ахуй, эрх зүй, эдийн засгийн асуудал
Экологийн нөлөөлөл- Хүний үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчинд өөрчлөлт орох
Экологийн аюулгүй байдал- Орчны хэвийн үзүүлэлтийг өөрчлөх аюулд хүргэхгүй байлгах арга хэмжээний цогцолбор
Орчны чанарын үзүүлэлт- халуун хүйтэн, ялгарсан хий шингэний хэмжээ, агаар ус хөрсөн дахь тэдгээрийн хэмжээ, цахилгаан соронзон долгион, цацраг идэвхтийн хэмжээ, даралт зэрэг үзүүлэлт. Эдгээр экосистемийн хэвийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлэлгүй хэмжээнд байвал зохино.
Экологийн сүйрэл- бохирдуулагч бодисын хэмжээ байвал зохих хэмжээнээс хэтрэх, системийн бүрдүүлэгч хэсгүүдийн тэнцвэр алдагдахыг сүйрэл гэнэ.
Трофик хэлхээ. Нэг нь нөгөөгийн тэжээл энергийн эх үүсвэр бологч амьд хэлхээг нэрлэнэ. Нарны энергийг хуримтлуулагч ургамал (продуцент), ® микро организм (редуцент) ® шавьж ургамлаар хооллогч (консумент) ®махан тэжээлтэн®араатан®микроорганизм гэх зэргээр 5-7 үе хэлхээ бий.