ХҮНИЙ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
2011-10-18,11:59
АНУ-ын “Сайенс дайжест” сэтгүүл ирээдүйн зуунд ороход тайлагдаагүй үлдэж буй 20 гол асуудлыг жагсаан бичжээ.Үүнд: 1.Амьдрал хэрхэн үүссэн бэ 2.Мич яаж хүн болсон бэ 3.Хүн яаж оюун ухаант амьтан болов 4.Уураг тархи яаж ажилладаг вэ 5.Өндгөн эс хэрхэн нарийн нийлмэл бие махбодь болдог вэ гэсэн хүнтэй холбоотой асуудлууд голлох байр эзэлжээ.Мөн бидний аж төрж буй дэлхий хэзээ хэрхэн үүсэв? гэсэн асуудал хүний үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Хүн төрөлнтөн өөрсдийн гарал үүслийг сонирхон судалж янз бүрээр тайлбарласаар ирсэн боловч бүрэн тайлбарлаж чадаагүй ээ. ДЭЛХИЙ ХЭРХЭН ЯАЖ ҮҮСЭВ? Эдгээрээс олонхи эрдэмтдийн дэмжлэгийг хүлээж байгаа таамаглал бол Оросын эрдэмтэн О.Ю. Шмидтийн таамаглал юм. Түүний үзлээр нарны гаригууд өөр өөр эх үүсвэртэй аж. Нар өөрийн хөгжлийн нэгэн үед олон тэрбум жилийн тэртээд эргэн тойрондоо байсан хөдөлгөөний үлэмж нөөц бүхий хүйтэн тоос, солироос тогтох мананцарыг уургалан авчээ. Тэр мананцар нарны татах хүчний улмаас түүнийг тойрон эргэлдэхэд асар олон тооны жижиг хэсгүүд нь хоорондоо мөргөлдөн, бие биедээ наалдан томорч ирээдүйн гаригуудын эх үүсвэр тавигджээ. Уг мананцар эргэлтийнхээ хүчинд аажмаар хавтгайрч нягтран тойрог замд оржээ. Тэндээс төвөөс зах руугаа томорсон хэсгүүд бөөгнөрөн ялгарч удаан хугацааны дараа одоогийн гаригууд үүссэн байна. Эгэл хэсгүүдийн түлхэлцэл, бутралын үр дүнд хөдөлгөөний нөөц тойрог замын буюу тэнхлэгийн хөдөлгөөнд шилжиж гаригуудын дараалал, эргэлтийн чиглэлийг тодорхойлжээ. ГЕОСФЭР:дэлхийг бүрэлдүүлэгч бодисынх нь хүнд жинтэй нь төв рүүгээ бууж, газрын гадаргуу орчимд хөнгөн чулуулгууд бий болжээ.Энэ бүгдийг ГЕОСФЕР гэдэг. Судлаачид чулуулгийн насыг уран задралаар тогтоож үзээд хамгийн эртний чулуулаг Антарктид дахь Эндерби болон Верхояны нуруунд бий бөгөөд нас нь 4-4,2 тэрбум жил гэж тогтоосон байна. АТМОСФЕР:Дэлхийн чулуулгийн дараа агаар мандал буюу АТМОСФЕР бий болжээ. Агаар мандал нь дэлхийг янз бүрийн гадны бөмбөгдөлтөөс (солир, цацраг идэвхт туяа) хамгаалагч хуяг, дэлхийн цаг уурыг (халуун, хүйтэн, тунадас, салхи) зохицуулагч, геологийн үйл явцад (исэлдэл, өгөршил) нөлөөлөгч хүчин зүйл болж өгдөг. Агаар мандал нь таван бүрхэвчээс бүрддэг бөгөөд агаарын нягт дээшлэх тутам багасч, агаар мандлын нийт жингийн 3,4 хувь нь 10 км-ээс дооших, 90 хувь нь 15 км-ээс дооших, 99 хувь нь 30 км-ээс дооших, 99 хувь нь 50 км-ээс дооших зайд тус тус оногдоно. Судлаачид дэлхийд 1,4610 триллион тонн буюу агаар мандлынхаас 275 дахин их, дэлхийн нийт жингийн 4000-ны нэг хувьтай тэнцэх хэмжээний ус, мөс агуулагддаг гэж тогтоосон байна. Энэ бүх усны нөөцийн 94 хувийг далай эзэлж байдаг байна. Усан мандал үүсснээр үлэмж хэмжээний эрчим хүч ялгаруулж, энэ нь газрын гадаргуугийн хэлбэр дүрсийг өөрчилж, эрдэс чулуулгийг уусгах, зөөх, тунгаах зэргээр геологийн үйл явцад идэвхтэйгээр биечлэн оролцож эхэлсэн ба одоо ч энэ үйл явц явагдаж байна. Үүний үр дүнд эх газар, тив, арлууд үүсчээ. БИОСФЕР:Дараа нь дэлхийн өөр нэг мандал амьд бодисоос бүрэлдэх шим мандал (БИОСФЕР) үүссэн юм. Дэлхийд одоогоос 3,3 млрд. жилийн өмнө амьдралын анхны хэлбэр амьд организм бактери үүсч хөгжснийг судлаачид тогтоожээ. ХҮНИЙ ҮҮСЭЛ ГАРЛЫН ТУХАЙ 1.Ихэнх судлаачид асар их халуун цөмийн урвалын үр дүнд дулаан ялгарч нэг эст амьд биет үүссэн гэж үздэг боловч тийм хүчтэй цөмийн урвалыг шинжлэх ухаан одоогоор гаргаж авч чадаагүй байна. 2.Зарим судлаачид амьдрал өөр гаригаас зөөвөрлөгдөн ирсэн гэж үздэгбөгөөд 1998 оны зун АНУ-ын хиймэл дагуул Ангараг гаригаас чулуужсан бактери олсон нь дээрх таамаглалыг батлах талтай гэж дэлхий даяар том шуугиан дэгдээд байна. 3.ХҮН МИЧНЭЭС ҮҮССЭН НЬ БУЮУ ЭВОЛЮЦИЙН ОНОЛ: Орчин үед хүний үүсэл гарлыг авч үзэхдээ амьд байгалийн урт удаан хөгжлийн явцад хөдөлмөрийн ачаар хүний хамгийн дээд үе болох хүн дүрст бичний өвөг хөгжмөл адгуусан амьтны төлөөлөгч болох нэгэн бүдүүлэг амьтнаас, сансар, гариг дэлхийн нөлөө, байгалийн шалгарал, биологийн эволюци хөгжлийн үр дүнд одоогоос 40 сая жилийн тэртээ үүссэн гэж үздэг. Хүний үүсэл хөгжилд: 1. Орчлон, ертөнц, галактик, нар, сар зэрэг сансар огторгуйн үзүүлсэн нөлөө 2. Экологийн уул үүсэх явц ба газар хөдлөлт, дан атомын буюу ураны задрал болон цацраг идэвхт чанар, радиацын нөлөө зэрэг гариг, дэлхийн үзүүлсэн нөлөө 3. Гадны хүчин зүйлсийн үйлчлэлээр дотоод хүчин зүйлсүүд болох зан араншингийн зохицол, мутаци, эрлийзжилт, гени хромосомын өөрчлөлтүүд зэрэг хүний анатоми, морфологийн хүчин зүйлс зэрэг нөлөө Хүний гарал үүслийг тогтоох гэсэн эрдэмтэд хүнийг одоогийн хүн дүрст мичнээс нэлээд давуу хөгжилтэй, мичин маягийн амьтнаас салж хөгжсөн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүний өвөгтэй ойролцоо, түүний гадаад төрхийн шинжийг илэрхийлж чадах сармагчин төрөл, зүйлийг уйгагүй судалсны эцэст М.Ф. Неструх хүний өвөгтэй төстэй гэж байгаа сармагчны төрлийг 3 ангилжээ. Үүнд: 1. Заримдаг сармагчин долгопять, лемура, тупай. Эдгээр нь жижиг биетэй, мууртай төстэй. 2. Ердийн сармагчин-Гонктел, Павиан гэх мэт Ази, Африкийн сармагчингууд 3. Хүн дүрст сармагчингууд-Гиббон, Орангутан, Шимпанзе, Горилл. Эдгээр нь одоо Зүүн Өмнөд Ази, Малайн арлуудаар амьдардаг, хүнтэй маш төстэй.Эрдэмтдийн үзэж байгаагаар: 14 сая жилийн өмнө хүн ба хүн дүрст бичний өвөг нэгдмэл нэг байв. 60 сая жилийн тэртээ чийглэг уур амьсгал хуурай уур амьсгалаар солигдоход дэлхий дээр мөн түүнд дасан зохицсон ургамал, амьтны аймаг бий болжээ. Ялангуяа ой, тайга, балар харанхуй ширэнгэний модонд дүүлэн асч явдаг, биеэрээ одоогийн суусар,хэрэм зэрэг амьтадтай төстэй амьтан сүрэг сүргээрээ явах нь элбэгшжээ. Тэд хөгжлийнхөө үе шатуудыг дамжсаар 40 сая жилийн өмнө мууртай төстэй амьтан болжээ. Тэр нь нүүрний галбир төрхөөрөө сармагчны төрхийг олж байсан тул судлаачид түүнийг ПАРАПИТЕК (сармагчинтай төстэй амьтан гэсэн утгатай грек үг) гэж нэрлэжээ. Эволюцийн хөдөлгөгч хүчний улмаас парапитек нь ПРОЛИОПИТЕК, ДРИОПИТЕК гэсэн 2 зүйл үүсгэсэн ба проплиопитек нь гиббон, орангутаны өвөг гэж олонх эрдэмтэд үздэг. Харин дриопитек нь дээр өгүүлсэн 14 сая жилийн тэртээгээс хөгжлийн 3 салаа шугамыг үүсгэж, 1 дэх нь одоогийн шимпанзе, гориллыг, 2 дахь нь сүүлд сөнөсөн ГИГАНТОПИК гэгчийг, харин 3 дахь нь РАМАПИТЕК-ийг үүсгэжээ.Рамапитек нь цаашдынхаа хөгжлийн явцад мөн л 3 салааг үүсгэсэн боловч эхний 2 зүйл ЭВСТАЛОПИТЕК нь бас л сөнөжээ. Учир нь шинэ зүйлүүд үүсэхэд Мутаци явагдаж мутант амьтад байгальд дасан зохицож чадахгүй явсаар сөнөдөг байжээ. Харин 3 дахь салаа нь эволюци хөгжлөөр хөгжсөөр одоогийн бидний өвөг болжээ. Хүний хөгжлийн үечлэлүүд: Хүний хөгжлийг шинжлэх ухааны хувьд олон янзын салбар, хүчин зүйлсийн үүднээс үечилдэг. Эдгээр үечлэлийн дотроос хамгийн оновчтой нь археологийн үечлэл юм. Энэ үечлэлээр хүний хөгжлийг доорх үеүдэд хуваана. 1.Балар эртний хүн буюу Homo habilis 2.Эртний хүн буюу Homoerectus 3.Орчин үеийн хүн буюу Homosapiens Одоогоос 40-15 сая жилийн өмнө Гималайн уул үүсэх явц өрнөж, дэлхийн цаг агаар эрс өөрчлөгдөхөд Төв азид амьдарч байсан хүний өвөг хуурай уур амьсгалд зохицож амьдрахад хэцүү болж, баруун, өмнө зүгүүд рүү нүүдэллэжээ. Ийнхүү нүүдэллэх явцдаа тэд газар орныхоо амьдралд дасан зохицож, төрлөө өөрчлөн шалгарч хөгжсөөр мичин хүний биеэс одоогийн хүнийх болтлоо хөгжжээ. Хүний өвөг Төв Азиас нүүснийг он цагийн хувьд эрдэмтэд харилцан адилгүй тогтоодог боловч дриопитекийн шатанд барагцаалбал 25 сая жилийн өмнө нүүсэн гэж ихэнх нь үздэг. Ийнхүү нүүдэллэх процесс 10 сая жилийн өмнөх үе хүртэл явагджээ. Харин үүнээс хойших нүүж амжаагүйнүүд нь уур амьсгалдаа дасан зохицох процесс явуулж, модон дээр биш, газарт амьдрах болсноор цаашдынх нь хөгжилд чухал нөлөө болсон байна. Хүний өвгийн маш холын төрлийг үүсгэхэд хүргэсэн анхны алхам барагцаалбал 500 сая жилийн өмнө эхэлжээ. 1 миллиард гаруй жилийн өмнө анх амьд байгалийн бичил хэлбэр болох бактери үүссэнээс хойш уур амьсгал, газар дэлхий, гариг эрхсийн зэрэг нөлөөний улмаас эволюци хөгжлөөр зүйл үүсч, энгийн доод хэлбэрээс дээд хэлбэрт шилжсээр ургамал, амьтны аймаг бий болж, энэ үеэс хойших тэр их урт удаан хугацааны турш хүний өвөг хөгжлийн олон шатыг дамжсаны эцсийн дээд хэлбэр нь хөхтөн амьтны хөгжлийн шат билээ. Хөхтөн амьтны анхны хэлбэр 200 сая жилийн өмнө үүсчээ. Ингээд дээр өгүүлснээр тэд 60 орчим сая жилийн өмнө хуурай газрын амьдралд зохицон, бүдүүлэг хэлбэрээсээ салж хөгжлийн шинэ шатанд оржээ. Одоогоос 100-70 сая жилийн тэртээ муур, суусартай адил төстэй модонд амьдардаг тартус, тупай гэх мэт амьтад үүссэнийг археологийн олдворууд баталжээ. Мөн манай улсын говийн 40 сая жилийн тэртээд холбогдох хурдсаас 1931 онд эдэнтэй төстэй амьтны тал гавлын яс олсон байна. Эдгээр амьтдыг жижиг биетэй, 4 мөчит, урт сүүлтэй амьтад буюу заримдаг бичийн өвөг гэж үздэг. Энэ өвгүүд нь хүний өвөгтэй ямар нэг байдлаар холбоотой гэж зарим хүмүүс үздэг боловч чухам юугаар холбоотойг тогтоогоогүй байна. Миний бодлоор, энэ таамаглал нэлээд үндэслэлтэй байх. Учир нь хүний өвөг парапитектэй эдгээр нь морфологи төдийгүй амьдрах нөхцөл байдал (модонд дүүлж амьдардаг, ургамлын үр, жимс иддэг), тэрчлэн амьдарч байсан нутаг дэвсгэр нь нэг байсан байна.1870 онд Италийн Флоренцоос холгүй орших уурхайгаас мичирхүү амьтны яс олж, түүнийг ОРЕОНПИТЕК гэжээ. Ореонпитек, дриопитек, рамапитекийг гуравдагч галавын хүн гэдэг.Дөрөвдөгч галавын хүн: 1924 онд Африкийн антропологич Раймонд Дарт Кимберли хотын ойролцоо Арслангийн хэвтэр гэдэг газраас нэгэн мичин төрхт амьтны гавлын яс олжээ. Тэгээд үүнийгээ Африкийн мич буюу АВСТРАЛОПИТЕК гэжээ. Энэ нь биеийн хөгжлийн хувьд мич, хүн хоёрын хоёулангийнх нь шинжүүдээс агуулсан байв. Тухайлбал дух нь мичирхүү, өргөн атлаа шүд нь хүнийхтэй адил. Энэ нь 20-25 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд биеийн жин 20-50 кг, өндөр нь 121-150 см байжээ.Мөн Танзани улсаас алдарт Олдувайн хавцлаас гэр бүл антропологич Люси Лики, Мэри Лики нар нэгэн үлдэц яс олсныг ЗИНЖАНТРОП гэдэг. Энэ хүн нь 2 сая жилийн өмнөөс модон дээр амьдарч байсан бөгөөд газар дээрх амьдралд бүрэн шилжээгүй байхдаа 2 хөл дээрээ явж сурчээ. Ийнхүү 1,75-0,8 сая жилийн өмнөөс газар дээр биеэ даан амьдрах болжээ. Гуравдагч галавын хүмүүс болон дөрөвдөгч галавын дээрх 2 хүнийг хүний хөгжлийн анхдагч тэргүүн төрлүүд гэх ба эдгээрээс хойших, өөрөөр хэлбэл дөрөвдөгч галавын үслэг өвгөөс одоогийн оюун ухаант хүн хүртэлх хүний өвгийн үеүдийг дэд төрөл гэнэ. Дээр дурдсан археологийн үечлэлээр энэ дэд төрөлд багтах өвгүүдийг үечилнэ. Үүнд: 1. 1891 онд Голландын цэргийн эмч Эжен Дюбуа Ява арлаас хүн ба хүн дүрст мич хоёрын завсрын хэлбэрийн шинж бүхий ПИТЕКАНТРОП буюу босоо мичин хүний яс олжээ. Энэ нь 600-700 мянган жилийн өмнө амьдарч байсан гэх боловч батлагдаагүй. Түүний биеийн өндөр 160-170 см, ууран тархины багтаамж нь 900-1100 см,куб юм. Гэтэл хүн дүрст мичнийх 600-650 см.куб, хүнийх 1400-1600 см.куб байдаг. Үүнээс үзвэл питенкантропын уураг тархины багтаамж нь хүн ба хүн дүрст мичний уураг тархины багтаамжийн завсрын байрыг эзэлж буй нь харагдаж байна. 2. 1927 онд Бээжин хотын нэгэн агуйгаас мичин шинжээсээ бүрэн салж чадаагүй хүний шинж төрхийг хадгалсан баримтыг олжээ. 1927-1937 он хүртэл малтаж 20 шахам ийм баримт олсон бөгөөд тэдгээрийг СИНАНТРОП буюу хятадын хүн гэж нэрлэжээ. Синантроп ерөнхий байдлаараа питекантроптой төстэй боловч уураг тархины багтаамж нь 1050-1200 см,куб болж, биеийн ерөнхий хөгжил нь нэлээд дээшилжээ. Синантропын оршиж байсан агуйгаас маш их үнс, ясны үлдэгдэл олдсоноос гадна чулуун зэвсэг ч гарчээ. Тэрээр одоогийн хүнээс онц ялгаатай боловч хүний зэрэгт хүрч, гал гарган, ан агнадаг байсан нь тодорхой. 3. 1907 онд Германы Гейделбергийн Мауэрийн элснээс синантроптой нэг үед амьдарч байсан гэгддэг ГЕЙДЕЛБЕРГИЙН буюу Мауэрийн хүний эрүүний яс олджээ. Түүний шүд нь одоогийн хүний шүдтэй адил байжээ. Эрдэмтэд түүнийг Азиас нүүн очсон мичин хүн гэж үздэг. Энэ хүн нь хөгжлийнхөө хувьд синантроптой тун төстэй юм байна.Эдгээр нь археологийн үечлэлийн балар эртний хүнд харъяалагдах бөгөөд питенкантроп, синантроп хоёрыг мичин хүний анхны дэд төрлийн 2 зүйл гэдэг. Балар эртний хүмүүст Каннибализм буюу бие биеэ идэх үзэгдэл байсан ба галыг амьдрал ахуйдаа хэрэглэдэг болсон нь нэгэн том ололт байжээ. Энэ үеэс хүний өвөг байгалийн эрхшээлээс аажимдаа гарч хөдөлмөр хийснээр ухамсрын анхны хэлбэрүүд буй болжээ. 4. 1856 онд Германы Дюссельдроф хотын орчим Неандрийн хөндийгөөс 150-100 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүний гавлын яс болон бусад хэд хэдэн ясыг олсон ба тэр газрын нэрээр түүнийг НЕАНДАРТАЛЬ хүн гэжээ. Түүний ясны үлдэгдэл Франц, Өмнөд Африк, ТТУХНО-уудаас (хуучин ЗХУ) гэх мэт 30 шахам газраас олдсон бөгөөд тэд ясан ба чулуун зэвсэгтэй байв. Неандарталийн хүн бол одоогийн хүн ойртож ирсэн боловч өөрийн өвөг мичний олон тооны шинжүүдийг хадгалсаар байжээ. Тэр жижгэвтэр биетэй, чадалтай, тархины багтаамж 1400 см.куб орчим байлаа. Агуй, гол мөрний хөндийд сүргээрээ нутаглан /50-100-гаараа/, жижиг ан амьтан агнах, үр жимс, өндөр түүж идэх зэргээр амьдарна. Энэ хүмүүс нь хүний төрлийн эртний хүмүүс гэдэг дэд төрөлд багтах зүйл юм. Тэд хоорондоо анхны бүдүүлэг хэллэг-авиа дуу дохиогоор харьцдаг байжээ. Неандартальчуудын амьдралд нийгмийн хүчин /хөдөлмөрлөх, хамтарч анх хийх гэх мэт/ чухал нөлөө үзүүлжээ. 5. Неандарталь хүний хөгжил цаг уурын хатуу ширүүн нөхцөл-мөстлийн үед амьдрал нь шинэ ахуй нөхцөлд зохицон хувирсаар гал ашиглан, ангийн арьс үсээр хувцас хийн, яс, мод, чулуугаар янз бүрийн зэвсэг багаж үйлдвэрлэх зэргээр хамтран амьдарч хөдөлмөрлөн, байгалийн эрхшээлээс улам бүр салсаар байва. Ийнхүү их мөстлийн 2-р хагас ба одоогоос 40 орчим мянган жилийн тэртээ уураг тархины ажиллагаа сайн хөгжсөн анхны хүн үүсчээ гэж үздэг. Энэ хүний үлдэгдлийг 1864 онд Францын Кроманион гэдэг суурингийн хавиас олсон учир КРОМАНИОН хүн гэжээ. Ийм хүний үлдэгдэл Ази, Африк, Австралиас ч олдсон байна. Их мөстөлтийн сүүлээр хүн өөрийн хөгжлийн шинэ шатанд хүрч, хөдөлмөрийн багажийн төрөл олширч, чанар нь дээшилжээ. Чулуу, модоор зэвсэг хийн, ясаар зүү хийж, хувцас оёж, мөн эврээр зэв хийдэг боллоо. Сүргээрээ явж, том араатан амьтдыг агнадаг болсон нь тэдний амьдралын байдлыг сайжруулжээ. Энэ үеэс эхлэн хүмүүсийн дунд урлаг, шүтлэг үүсч, өөр хоорондоо олсон зүйлээ сольж, арилжих явдал бий болсон гэдгийг шинжлэх ухаанд олдсон материалууд нотолж байна. Кроманион хүн өөрийн барьсан сууцанд амьдран хана, туургаар нь ан амьтан урлаг шүтээнээ сийлж хийсэн нь орчин үед олонтоо олддог. Энэ хүмүүсээс өмнөх хүмүүс биологийн эволюцаар хөгжиж ирсэн бол харин энэ хүмүүс нийгмийн эволюцид шилжсэн юм. Энэ хүмүүс хүний төрөл орчин үеийн анхны хүмүүс буюу ухаант хүн гэдэг зүйл юм. Ийнхүү орчин үеийн хүмүүс үүссэн ба тэд амьтдыг гэршүүлж, тэжээвэр болгон, газар тариалан эрхэлж эхэлсэн бөгөөд өөр хоорондоо харьцах хэл яриатай болж, удам угсаагаа сурган хүмүүжүүлж, амьдралын туршлагаа өвлөн үлдээх зэрэг нийгмийн амьдралын хүчин зүйл байгалийн шалгарлаас давамгайлан, хөгжлийг хөдөлгөгч хүч болж эхэллээ. Хүн ийнхүү хөгжихдөө “Хүний оюун ухааны одоогийн байгаа цар хүрээ буюу НООСФЕР”-ийг бий болгожээ. Ноосфер нь хүний оюун ухааны хөгжлийн шат тутамд хөгжсөөр байна. ХҮНИЙ ҮҮСЭЛД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛ Хүнд зөвхөн биологийн өөрчлөлт гараагүй. Хүнийг ийнхүү төгс төгөлдөр хөгжихөд Хөдөлмөр хамгийн их нөлөө үзүүлсэн. Хөдөлмөр гэж юуг хэлэх вэ? Хүмүүс өөрсдийн зорилго бүхий үйл ажиллагаараа байгалийн бэлэн зүйлсийг өөрчилж үр дүнгээр нь бүхэл Нийгмийн ертөнц, Хүний соёлын ертөнцийг бүтээж байдаг хүн төрөлхтний бодит үйл ажиллагаа юм. Хөдөлмөрийн тухай энэ тодорхойлолт бүрэн утгаараа хэзээ үүсснийг тогтоох боломжгүй. Хөдөлмөрийн үйл явцад гурван зүйл ордог: 1. Хүний зорилго бүхий үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл Хөдөлмөр өөрөө юм. 2. Хөдөлмөрийн зүйлсүүд, 3. Хүн хөдөлмөрийн зүйлсийг боловсруулахад хэрэглэх хөдөлмөрийн багаж зэвсэг. Хөдөлмөрийн хүчээр хүн орчинтойгоо зөвхөн харилцан үйлчилж зохицож байдаг байгалийн жирийн эд хэсэг төдий биш, харин байгалийг эзэмшин ашиглаж, түүнээс өөрийнхөө бодит ертөнцийг (Нийгэм, Соёл иргэншил) бий болгож, тэгснээрээ өөрийгөө цаг ямагт өөрчилж байдаг субъект болжээ. Харин энэ их удаан үргэлжилсэн түүхэн өөрчлөлтийн үед хүн “байгалийг өөрийнхөө эрхшээлд оруулан эзэмшинэ” гэсэн уриан дор байгальтай харьцаж байснаас бид өөрсдөө байгалиас хэт тасарч хиймэл зохиомол орчинг бүтээснээр сөрөг үр дагавар гарч “Хүн, Байгаль хоёр хүйн холбоотой” гэдгийг ухаарах болсныг бид хожим ярилцах болно. Хүн төрөлхтөн хөдөлмөрийнхөө үйл ажиллагаар амьжиргаагаа хангаад зогсохгүй хөгжил дэвшлийг хийн өөр хоорондоо Нийгмийн тодорхой харилцаанууд болох Үйлдвэрлэлийн, Өмчийн, Улс төрийн, Соёлын г.м. харилцаануудыг бий болгожээ. Үүний дараа Нийгмийн хөдөлмөрийн хуваариуд гарч хувийн өмч, нийгмийн ялгарал, Нийгмийн гишүүдийн бүлэгүүд, тэдний зөрчилдөөнүүд бий болсны үндсэн дээр Оюуны болон Биеийн хөдөлмөрийн ялгарал гарсан боловч “Хүний эрхтний үргэлжлэл болсон Техник” хөгжиж түүнд дэвшил хувьсал гарах тусам дээрх ялгарал арилж байна. Хөдөлмөр хэзээ үүснийг гэрчлэх ганц зүйл бол маш гайхамшигтай байгалийн бүтээгдхүүн чулуу юм. Хүн чулууны гайхамшгийг өөрийн оюун ухаан, нөр их хөдөлмөрөөрөө нээсэн, одоо ч нээсээр байна. Энгийн, болхи хийцтэй чулуун зэвсгээс авхуулаад маш нарийн, уран гоё хийцтэй неолит, аврага том Пирамид, Сфинкс, Цагаан хэрэм, Гуа сайхны бэлэгдэл болсоор байгаа Афродита, Аполлон, үнэт алмас эрдэнийн гоёл бүгд чулууны гайхамшгийг нээсэн хүний оюун ухааны бүтээлүүд. ХНБ-ын хүмүүс байгаль, цаг уурын тааламжтай нөхцлийг эрэн хайж нүүдэллэн амьдарч байхдаа хөдөлмөр нь түүхийн маш урт удаан цаг хугацаанд бага багаар боловсронгуй болсоор түүнд хэрэглэгддэг багаж зэвсэг нь хэлбэр хийц, нэр төрлөөрөө тогтворжиж чулуун зэвсгийн тодорхой үеүдийг гаргасан байна. Үүнд: До шель (2,5 сая жил), Палеолит (Монголынхоор)-Ашель (750000-100000 жил), Мустье (100000-40000 жил), Дээд үе(40000-20000 жил). Мезолит (12 жил үргэлжилсэн), Неолит (8000-3000 жил). Энеолитийн үе (Зэс, Хүрэл, Төмрийн түрүү үе) МЭӨ YII зуун хүртэл үргэлжмлсэн байна. Бидний өвөг дээдэс төмрийг хөдөлмөрийн багаж зэвсгээ болгоод дөнгөж 2000 жил болсонч соёл иргэншлийн нилээд өндөрлөгт хүрчээ. Хэрэв төмрөөс бүтсэн бүхнийг алга болговол Цагаан хэрэм, Пирамидаас өөр юу ч энэ дэлхийд үлдэхгүй байхаа. Биологи, хөдөлмөрийн багаж зэвсгийн хөгжилтэй ХЭЛ ЯРИА хамт хөгжив. Сэтгэхүй-Хэл хоёр хоорондоо нягт холбоотой боловч нэг ижилхэн сэтгэхүйн түвшинд хөгжиж байсан хүн төрөлхтөн хэл яриагаар олон жижиг хэсэг болон салж өөр өөр түвшинд хөгжих болжээ. Үүнийг Библи, Коран, Авеста г.м. шашны судруудад өөр өөр маягаар сонирхолтойгоор тайлбарладаг. Шинжлэх ухааны тайлбарт: Хөдөлмөрийн процесоос хүн ухамсартай болох явцад нийгмийн харилцааны чухал хэрэглэгдхүүн болох ХЭЛ-ийг хамтад нь бий болгожээ. Хүний сэтгэхүй хэлээр дамжин гарах процесс 20-30 мянган жил үргэлжилж өрх гэр, овгийн хэл, аймгийн хэл, угсаатны хэл гэсэн үе шатуудыг дамжин хөгжсөн гэж үздэг. Овгийн хэл нь тун ядуу үгсийн сантай, бүдүүлэг хэл зүйн бүтэцтэй тус тусдаа хэрэглэгдсэн олон хэл аялгуутай байснаа аймгуудын, нутгийн аялгуу гэж хөгжсөөр нийгмийн ялгарлын явцад угсаатны хэл болж хөгжив. Одоо хүн төрөлхтөн 3000 орчим хэл, аялгуугаар ярьдаг бөгөөд тэдгээрийг хэлний зүй, үгсийн сан, утга зүй, үгийн гарал хувьслаар нь Индо-европ (Европ, Иран хэл), Семит-Хамит (Умард Африк, Египет, Меспотами, Еврей, Араб), Алтай (Түрэг, Монгол, Манж-Тунгус, Солонгос, Япон), Хятад-Төвд-Бирм, Дравид-Кхмер (Энэтхэг-Хятадын хойг, Энэтхэг), Малай-Полинейз (Зүүн өмнөд ази, далайн орнууд), Андман, Урал-Фин, Угро (Урал-Ненц, Скандинав) гэсэн 10 төрөл хэл болгодог. Энэ 10 төрөл хэлний уг үндэс нь өвөг хэлнүүд байсан бөгөөд өвөг хэлнүүд нь МЭӨ ҮII мянганд “Нострат хэл” буюу хөгжөөгүй дуу авианаас үүссэн гэж таамаглаж байна. Үүнийг батлах зорилгоор дэлхийн зарим хэл шинжээчид олон хэлний үндэс болдог язгуур үг, дуудлагуудыг идэвхтэй судалсаар байна. Ийнхүү хэлний ялгарал гарч байх үед МЭӨ 40 мянган жилийн өмнөөс эхэлсэн Мөстлөгө шувтарч тэр үеэс нүүдэллэн Америк, Австрали, Далайн орнуудад нутаглаж эхэлсэн хүмүүст Монголжуу, Европжуу, Негржүү гэсэн РАСЬ буюу арьс өнгөний ялгаа гарсан. Одоо дэлхийн хүн амыг 3 үндсэн рась, 2 салбар расьд хувааж, дээр нь хэд хэдэн бүс нутгийн расиудад хуваадаг. Эдгээр расиуд Марфологи буюу хүний биеийн бүтэц, Үсний өнгө, Хамар, Нүд, Хөмсөгний ухархаа, Гавал гэх мэт антропологийн хэв шинжээрээ хоорондоо ялгагддаг. Сүүлийн үед генетикийн шинжлэх ухааны эрдэмтэд Расьд цусны бүлэг, түүний ялгарал маш чухал үүрэгтэй гэж үзэн түүнийг судлаж эхлээд байна. Энэ судалгаа хүний үүслийн нууцыг улам гүнзгий танин мэдэх нэг хэрэгсэл болох нь дамжиггүй бизээ. МЭӨ III мянганд Төв азийн нүүдэлчдийн Өвөг алтайн хэл задарч Түрэг-Монгол-Манж, тунгус гэсэн 3 бүлэг хэл болж цаашаа 40 гаруй аялгуу болж хөгжсөн байна. Ийнхүү хэлний ялгааны хамт Рась, эрхлэх аж ахуй, нутаглах газар ус, оюуны соёлын ялгаанууд дараа дараалан гарч хүмүүсийн нийтлэг овогоос аймаг-фратри-аймгийн холбоо хэмээн хөгжиж угсаатан үүсчээ. Угсаатан нь 1.Хэлний нийтлэг, 2.Эдийн соёлын нийтлэг,3.Оюуны соёлын нийтлэг, 4.Газар нутгийн нийтлэг,5.Түүхэн нийтлэг шинжүүдийг агуулж бүрддэг ХҮН ХААНА ҮҮСЭВ Энэ асуудлаар судлаачид янз бүрийн онолын таамаглал дэвшүүлдэгийг ерөнхийд нь хоёр хуваадаг. 1. Моноцентризм буюу нэгэн газар үүсээд, өсөж үржин байгалийн шалгарлыг даван туулж бусад газруудад тархсан гэдэг үзэл. 2. Полицентризм буюу хүн анх хэд хэдэн газар үүсээд бусад газар нутагт тархсан гэдэг олон төвт үзэл. Эдгээр үзлээс нэг дэх нь шинжлэх ухааны үнэнд илүү ойрхон учир ихэнх судлаачид баримталдаг. Хүн хаана үүссэн тухай 3 янзын онол байдаг. 1. Ази тивийн төв хэсэг буюу Ордосын өндөрлөгт. 2. Ази тивийн өмнөд хэсэг буюу Энэтхэг, Хятадын нутагт. 3. Африк тивд (Төв африк- Кени, Танзанид).Эдгээрээс Африкаас гаралтай гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Учир нь энэ нутгаас хүний эртний мичин өвөг болох Австролопитек, түүнээс хойших бараг бүх үеийн өвгүүдийн ясны үлдэгдэл ихээр олддогтой холбоотой. Нэг дэх онолын хувьд ч мөн ялгаагүй олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Харин энэ нутгаас эртний өвгүүдийн үлдэц яс олддоггүй мөртлөө тэдний хэрэглэж байсан багаж зэвсэг нь ихээр олддог. Энэ онолыг дэмжигчид үүнийг Гималайн уул үүсэх процесстой холбон тайлбарладаг. Одоогоос 60 орчим сая жилийн өмнө Төв азийн нутаг чийглэг дулаан амьд байгальд маш тохиромжтой уур амьсгалтай байсан боловч 40 сая жилийн өмнөөс Гималайн нуруу үүсэх процесс явагдаж, энэ үеэс Саванны чийглэг дулаан орны олон төрөл зүйл амьтадын аймаг 10-аад сая жилийн өмнөх үеийг хүртэл их нүүдэл хийжээ. Ийнхүү нүүх явцдаа хүний дээд өвөг өөрийнх нь өвөг болох мичин төрлөөс үүсчээ. Хэдийгээр Африк тивээс археологийн их дурсгал олддог боловч хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ, баталгаа болсон багаж зэвсэг, бууц суурин зэрэг эд өлгийн зүйлс ховор олддог бөгөөд шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарлахад хүрэлцээ тун бага тул Азийн төв хэсгээс үүсэлтэй гэдэг нь зөв байж болох юм.. Энэ онолыг 1900 онд Г.Ф.Осборн, В.Д. Мэтью нар анх дэвшүүлсэн бөгөөд үүнийгээ батлах зорилгоор Эндрюсийн хамт 1924-1928 онд Монголын их говьд хоёр ч том судалгааны экспедицитэй ирж, үүнийхээ үр дүнд нэлээд малтлага хийж, чамгүй материал хуримтлуулжээ. Мөн Монголын говь дахь Цэрдийн дээд үед холбогдох хурдаснаас олдсон гавлын тал ясыг баримталж тогтоосон суусартай адил амьтныг эрдэмтэн Б.К. Грегорий маш балар цагт шавьжаар хооллон амьдарч байсан тупай гэж үзжээ. Мөн түүнтэй төстэй амьтны ясыг олигоцен (40 сая жилийн өмнө)-ий үеийн говийн хурдаснаас олж авсныг эрдэмтэн Г.Ж. Симпсон судлаад 1931 онд говийн анагель гэжээ. Гэтэл тупай гэдэг нь Неструхын ангилснаар заримдаг сармагчин бөгөөд хүн, мич 2 нэг өвөгтэй гэдэг билээ. Одоогийн мичний өвгийг тодорхойлж дээрх баримтуудыг үндэслэбэл хүн ба мичний өвгийг Төв Азиас л хайж болох үндэслэлтэй. Ийнхүү эдгээр баримтуудаас үзвэл Төв ази олон талаараа хүний өвөг байж болох талтай. ХҮНИЙГ БҮЛЭГЛЭН ХУВААХ НЬ Цагаан арьстан (Caucasoid) Энэ хүмүүс Хойд Африк, Ойрх дорнод болон Баруун Ази (Атлантын далайгаас Энэтхэг хүлтэлх газар нутаг) тивээр тархан суурьшсан байдаг. Ерөнхий төрх: Урт нарийхан нүүртэй, хамар нь ихэнхдээ урт бөгөөд үзүүр нь дээшээ, угалз нь нимгэн байна. Нимгэн уруултай. Гэхдээ дунд зэргийн зузаантай уруултай ч гадагшаа эргээгүй байна. Нүдний өнгө нь цэнхрээс хар бор хүртэлх өнгүүд байна. Ерөнхийдөө бор үстэй ч шараас улаан хүртэлх бүх өнгүүд ч байна. Долгионтой болон шулуун байна. Их бие нь үсэрхэг, сахал хөмсөг нь өтгөн боловч эрчүүдийнх нь нэг том зовлон нь толгойн үс нь халцрах юм. Арьсны өнгө нь янз бүр, нуруу нь ч харилцан адилгүй маш өндөр нуруутай хүн байхад намхан нуруутай хүн ч байна. Шар Ба Улаан Арьстан (Mongoloid) Хүн судлаачид шар болон улаан арьстнуудыг ч хэд хэдэн бүлэгт хуваана. Зарим судлаачдынхаар энэ бүлэгт, Америкийн уугуул иргэд, Цасан орныхон, Патагоничууд, Лапончууд, Хойд болон урд хэсгийн Монголжуу төрхтнүүд, Малайчууд (Индонезчууд), Полонезчууд, Турк- Татарууд багтана. Шар болон улаан арьстнуудын ерөнхий нийтлэг шинж чанар нь махлаг өргөн нүүртэй, эрүү нь өнцөгтэй, онигор нүдтэй, хацар төвгөр, хамрын үзүүр болон угалз нь махлаг, тохирсон уруултай, нүд, үснийнх нь өнгө нь хоорондоо зохицсон бороос хар өнгөтэй байна. Үс нь дух руугаа унжиж ургана. Эрчүүдийн үс нь халцрах зовлон байхгүй. Мөн үс нь тийм ч хурдан цайхгүй. Арьсны өнгө нь цайвар шараас бараан шар, цайвар бороос улаавтар бор зэрэг өнгөтэй байна. Үс нь шингэн, бие нь битгий хэл нүүрэнд нь ч бараг үс байхгүй гэж хэлж болно. Гар хөл нь биетэйгээ харьцуулахад богино, ихэнхдээ дунд зэргийн ба намхан нуруутай байдаг. Хар арьстнууд (Negroid) Африкийн Сахарын өмнө, хойд хэсэгт тархжээ. Энэ бүлэг дотроо хэд хэдэн хэсэгтэй. Хүн судлаачид ангилахдаа: ойн, нилийн, далай орчмын, пигме, негрочууд, бушман- хоттентотчууд гэжээ.Ерөнхий шинж нь: нүүр нь урт, хамрын үзүүр зузаан махлаг, хажуугаас нь харахад товгор, уруул нь зузаан гадагш эргэсэн байдаг. Шүд нь том, нүд нь хар, бор өнгөтэй, чих нь жижиг байдаг. Арьс нь хар, бор өнгөтэй. Биений үс, сахал нь шингэн. Нуруу нь ялгаатай, ихэнхдээ дунджаас өндөр байдаг. Харин цээж нь богино, хөл гар нь урт байдаг. Дал мөр нь өргөн нуруутай.